ОХУ-ын Төв банкнаас арилжааны банкуудад хандан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зөвлөмж гаргалаа. Үүнд нисгэгчгүй аппаратын халдлагад өртсөн логистикийн төв, агуулахуудын түрээслэгч, хамтран ажиллагсад хамаарна. Зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлтийг хуулийн дагуу чөлөөлөгдөх эрхтэй эсэхээс үл хамааран шийдвэрлэхийг зөвлөв.
Банкуудад хугацаа хэтэрсэн зээлийн торгууль, алданги тооцохгүй байх, зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардахгүй байхыг уриалжээ. Мөн зээлийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд тухайн компанийн зээлийн түүхэнд сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой. Энэхүү зөвлөмж нь 2027 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байна.
Долоодугаар сарын дундаас хойш Оросын цахим худалдааны "Wildberries" сүлжээний логистикийн төвүүд Украины нисгэгчгүй аппаратын довтолгоонд тогтмол өртөж байна. Халдлагын улмаас томоохон агуулахуудад хүчтэй гал түймэр гарсан. Тус компанийн шууд хохирол 100 тэрбум рубль давж, цаашид алдагдалтай ажиллах төлөвтэй байна.
Цахим сүлжээгээр бараагаа борлуулдаг жижиг, дунд худалдаачдын хохирол наймдугаар сарын эхээр 215-280 тэрбум рубльд хүрсэн. ОХУ-ын Төв банкны зөвлөмж нь эдгээр хохирсон бизнесүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой юм.
Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Оросын цахим худалдааны платформуудыг ашиглан худалдаа хийдэг тул тус улсын логистикийн хямрал манай импортын барааны нийлүүлэлт, үнэд нөлөөлж болзошгүй.




Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.