Редакцийн ёс зүй
Бодит байдалд нийцсэн мэдээлэл авах, түгээх эрх чөлөө нь хүний үндсэн эрх болохыг дээдэлж, сэтгүүлчийн эрх үүргээс олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг эрхэмд үзэж ene.mn сайтын редакцийн хамт олон дараах ёс зүйн зарчмыг мэргэжлийн хэм хэмжээ болгон тунхаглаж байна.
Бид ямар редакц вэ
ene.mn нь 2026 оны наймдугаар сард байгуулагдсан, монгол хэлээр ажилладаг цахим мэдээллийн редакц юм. Байгуулагдсан өдрөөсөө эхлэн бид нэг зорилготой ажиллаж байна: болж буй зүйлийг хурдан, үнэн зөв, ойлгомжтойгоор хэлж, уншигч өөрөө дүгнэлт хийх боломжийг олгох.
Бид олон зуун эх сурвалжийг тасралтгүй уншиж, нэг үйл явдлын талаар өөр өөр газар юу бичсэнийг зэрэгцүүлэн харьцуулж мэдээгээ бэлтгэдэг. Энэ ажлын нэлээд хэсгийг хиймэл оюун гүйцэтгэдгийг бид нуухгүй. Гэвч нийтлэх шийдвэрийг хиймэл оюун гаргадаггүй. Мэдээ бүрийг амьд сэтгүүлч уншиж, баримтыг нь нягталж, гарчиг, зураг, буланг нь сонгож байж л сайтад гардаг. Хүний хяналтгүй өгүүлбэр ene.mn дээр гарахгүй.
Бид алдаа гаргахгүй гэж амлахгүй. Хурдан ажилладаг редакц алдаа гаргадаг. Бид амлаж байгаа зүйл бол өөр: алдаагаа нуухгүй, олж мэдмэгц ил тод залруулж, залруулгаа «залруулга» гэж нэрлэнэ. Уншигчийн итгэл бол бидний цорын ганц хөрөнгө бөгөөд түүнийг эргүүлж авах ганц арга нь ил тод байх явдал гэдгийг бид мэднэ.
Доорх заалтуудыг бид өөрсдөдөө тавьж байгаа шаардлага гэж үзэж байна. Эдгээрийг олон улсын мэдээллийн агентлагуудын мөрддөг мэргэжлийн жишиг, Монголын хэвлэлийн ёс зүйн хэм хэмжээ хоёрыг үндэслэн, өөрсдийн бодит ажлын нөхцөлд тохируулан бичсэн. Заалт бүр дугаартай — учир нь та тодорхой заалтад иш татаж бидний ажлыг шалгах эрхтэй.
1Мэдээллийг нягталж баталгаажуулснаар олон нийтийн үнэнд нийцсэн мэдээлэл авах эрхийг хамгаалах нь ene.mn-ийн үндсэн зарчим болно
- 1.1Мэдээллийн бодит байдлыг баталгаажуулахаас нааш ямар ч тохиолдолд олон нийтэд түгээхээс татгалзана.
- 1.2Мэдээллийн эх сурвалжийг редакцийн бүртгэлд бүрэн тэмдэглэж, шаардлагатай тохиолдолд ил болгоно.
- 1.3Мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.
- 1.4Мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг ижил түвшинд олгоно.
- 1.5Хараат бус, бие даасан, тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс аливаа нам, улс төрийн хүчин, төрийн болон бизнесийн байгууллагын хяналтаас ангид, үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн мэдээллийг түгээнэ.
- 1.6Боловсрол, нийгэм, улс төр, эдийн засаг, спорт, соёл урлаг, технологи, дотоод болон гадаадын цаг үеийн мэдээллийг хүргэхээс гадна уншигчийг соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлана.
- 1.7Нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэхийг хичээнгүйлэн ажиллаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан олон янзат агуулга бүтээхэд анхаарна.
2Үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, тайлбар хийх эрх чөлөөг олон түмэнд олгохыг эрмэлзэнэ
- 2.1Мэдээлэлтэй холбоотой олон нийтийн хуульд нийцсэн үзэл бодлыг өрөөсгөл ашиг сонирхлын үүднээс хязгаарлах, засварлахаас татгалзана.
- 2.2Ташаа мэдээлэлд холбогдож нэр төр, алдар хүнд болон бусад байдлаар хохирсон нь тогтоогдсон иргэнтэй холбоотой мэдээллийг нэн даруй залруулна.
3Мэдээллийг шударга аргаар цуглуулж, эх сурвалжтай хүндэтгэлтэй харьцана
- 3.1Сайтын сэтгүүлч эх сурвалжид өөрийгөө ил тодоор танилцуулж шударгаар харилцахыг эрхэмлэн ажиллана. Ярилцлага хүсэхдээ ene.mn-ийн сэтгүүлч гэдгээ эхлээд хэлнэ.
- 3.2Олон нийтийн эрх ашгийг хамгаалах онцгой ач холбогдол бүхий мэдээллийг шударгаар олж авах боломжгүй тохиолдолд нэрээ нууцлах зэрэг арга хэрэглэж болох бөгөөд уг шийдвэрийг редакц бүртгэлд үлдээнэ.
- 3.3Итгэл хүлээж олж авсан мэдээллийнхээ нууц эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцална.
- 3.4Ярилцлага өгсний төлөө, гэрэл зураг авахуулсны төлөө, бичлэг хийлгэсний төлөө мөнгө болон бусад хэлбэрийн шан харамж төлөхгүй.
- 3.5Асуултын бүрэн жагсаалтыг урьдчилан өгөхгүй. Ярилцлага өгсөн хүнд нийтлэхийн өмнө бичвэр, зургаа батлуулах эрх олгохгүй — залруулга хийх нь редакцийн эрх, зөвшөөрөл авах үүрэг биш.
4Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа гадна, дотны ямар нэг нөлөөллөөс хараат бус байна
- 4.1Мэдээллийн агуулгыг бусдын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, хэн нэгнийг гүтгэх, доромжлох, мэдээллийг хувийн зорилгод ашиглах, мэдээлэх эсэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
- 4.2Үзэл бодол хийгээд баримтыг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар ямагт ялгаж зааглах зарчмыг баримтална.
- 4.3Захиалгат, төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана. Сурталчилгаа болон редакцийн ажлыг хооронд нь хольж хутгахгүй.
- 4.4Хиймэл оюуны хэрэгслээр бэлтгэсэн аливаа агуулгыг нийтлэхийн өмнө редакцийн сэтгүүлч бүрэн уншиж, баримтыг нь нягтлан баталгаажуулна. Хүний хяналтгүй мэдээ нийтлэхгүй.
- 4.5Сэтгүүлчид өдөр тутмын үйл ажиллагаа болон бүтээл бэлтгэх явцдаа дотоод журам, ажлын зааврыг чанд мөрдөнө.
- 4.6Аюултай нөхцөлд мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ аюулгүй байдлын зааварчилгааны дагуу ажиллана.
5Арьс өнгө, үзэл бодол, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн болон ангийн шинж, амьдралын нөхцөл байдлаар нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй
- 5.1Тухайн мэдээлэлд онцгой хамааралгүй хүний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандана. Гэмт хэрэг, осол гамшгийн сэжигтэн, золиос, өртөгсөдтэй холбоотой хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй.
- 5.2Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандаж, гэрэл зураг, дүрс бичлэг ашиглахдаа мэргэжлийн онцгой мэдрэмжтэй хандана.
- 5.3Бэлгийн хүчирхийлэл болон хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүнийг бичвэр, зурагт танигдахаар байдлаар дурдахгүй. Тухайн хүн өөрөө нэрээ олон нийтэд ил болгосон бол энэ хязгаар үйлчлэхгүй.
- 5.4Гэмт хэрэгт холбогдсон буюу гэрч болсон насанд хүрээгүй хүүхдийн нэрийг нийтлэхгүй. Онцгой тохиолдолд редакцийн ахлах хүний шийдвэрээр л шийднэ.
6Нэрээ нууцалсан эх сурвалжийг хатуу нөхцөлтэйгээр л ашиглана
- 6.1Мэдээллийг аль болох нэр заасан эх сурвалжаас авахыг эрмэлзэнэ. Нэр нууцлах нь дүрэм биш, дүрмийн онцгой тохиолдол.
- 6.2Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллийг зөвхөн дараах гурван нөхцөл ЗЭРЭГ хангагдсан үед ашиглана: (1) энэ нь үзэл бодол, таамаг биш баримт бөгөөд мэдээнд зайлшгүй чухал; (2) өөр аргаар олж авах боломжгүй; (3) эх сурвалж найдвартай бөгөөд тухайн зүйлийг шууд мэдэх байрлалд байгаа.
- 6.3Нууц эх сурвалжтай мэдээг редакцийн ахлах хүн зөвшөөрснөөр нийтэлнэ. Тэрбээр эх сурвалж хэн болохыг мэдэж байх бөгөөд сэтгүүлчийн адил нууцлах үүрэгтэй.
- 6.4Нууц эх сурвалжид тулгуурласан мэдээг аль болох хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулна. Нэг эх сурвалжаар хангалттай гэж үзэх нь ховор бөгөөд зөвхөн мэдээлэл нь эргэлзээгүй нарийвчлалтай үед л боломжтой.
- 6.5Эх сурвалж яагаад нэрээ нууцлахыг хүссэнийг мэдээнд тайлбарлана. «Эх сурвалж мэдээлэв» гэсэн хоосон томьёолол хангалтгүй — тухайн хүн ямар байр суурьтай болохыг аль болох тодорхой дүрслэнэ.
- 6.6Баримт бичигт тулгуурласан мэдээнд тэр баримтыг хэрхэн олж авсныг боломжийн хэрээр тайлбарлана.
- 6.7Ярилцлага эхлэхээс өмнө «ил», «нууцаар», «нийтлэхгүй» гэдгийг тал бүр адилхан ойлгож байгаа эсэхийг тодруулна. Эдгээр нэр томьёог хүн бүр өөрөөр ойлгодог.
- 6.8Өөр хэвлэлийн нууц эх сурвалжид тулгуурласан мэдээг дамжуулан нийтлэхийн өмнө өөрсдөө баталгаажуулахыг оролдоно. Эргэлзээ байвал нийтлэхийг хойшлуулна. Эцэст нь дамжуулбал анх мэдээлсэн хэвлэлийн нэрийг заавал дурдана.
7Эш татлагыг гуйвуулахгүй, хариу өгөх боломжийг заавал олгоно
- 7.1Эш татлагыг хам сэдвээс нь салгаж, утгыг нь өөрчилж болохгүй. Хэлсэн үгийг дүрмийн алдааных нь төлөө ч засахгүй — засах шаардлагатай бол хашилтыг авч, утгыг нь бүрэн хадгалан дам ярианд шилжүүлнэ.
- 7.2Эш татлагыг хаана авсныг холбогдох үед мэдээнд бичнэ: хэвлэлийн бага хурал, утсан ярилцлага, олон нийтийн сүлжээний бичлэг гэх мэт.
- 7.3Өөр хэлнээс орчуулсан эш татлагыг үнэнч орчуулна. Шаардлагатай бол ямар хэлээр ярьсныг тэмдэглэнэ.
- 7.4Аялгуу, дуудлагын онцлогийг бичвэрт буулгахдаа тухайн хүнийг шоолж буй мэт харагдуулахаас зайлсхийнэ.
- 7.5Мэдээнд сөрөг байдлаар дурдагдаж буй аливаа хүн, байгууллагад холбогдож, хариу тайлбар өгөх бодит боломжийг олгоно. Хариу авах гэж хийсэн оролдлого үр дүнгүй бол юу хийснээ мэдээнд бичнэ.
8Алдаагаа нуухгүй, шууд бөгөөд ил тод залруулна
- 8.1Алдаа гаргасныг мэдмэгц нэн даруй редакцид мэдэгдэнэ. Өөрийн ч бай, хамт олныхоо ч бай — ялгаагүй.
- 8.2Залруулгыг «залруулга» гэж нэрлэнэ. «Тодруулга», «жижиг засвар», «шинэчлэлт» гэх мэт үгээр баримтын алдааг далдлахгүй.
- 8.3Залруулгыг мэдээ өөрөө дээр нь, уншигчид харагдахуйц байдлаар тавина. Чимээгүй засаад орхихыг хориглоно.
- 8.4Нийгмийн сүлжээнд түгээсэн мэдээлэл алдаатай байсан бол тэр талбар дээрээ залруулна — алдаа тарсан газартаа засагдах ёстой.
9Зураг, дүрс бичлэгийг бодит байдлыг гуйвуулахуйцаар засварлахгүй
- 9.1Гэрэл зургийн агуулгыг өөрчлөхгүй. Тайрах, гэрэлтүүлэг, өнгө тохируулах зэрэг ердийн засвар зөвшөөрөгдөх боловч тэдгээр нь зургийг тодорхой харуулах хэрээр хязгаарлагдана. Дэвсгэрийг бүдгэрүүлэх, арилгах, дүр зургийг үндсээр нь өөрчлөх түвшний засвар хийхийг хориглоно.
- 9.2Үйл явдлыг камерын өмнө дахин тоглуулж, жүжигчилж бичихгүй.
- 9.3Огт өөр үед, өөр газар авсан зургийг тухайн мэдээнд зориулж авсан мэт байдлаар хэрэглэхгүй. Архивын зургийг архивынх гэж тэмдэглэнэ.
- 9.4Зурган дээрх хүмүүсийг хамаагүй гэмт хэрэгтэй холбож ойлгуулж болзошгүй ерөнхий зураг ашиглахгүй.
- 9.5Хиймэл оюунаар үүсгэсэн буюу өөрчилсөн зургийг уншигчид ойлгомжтойгоор ЗААВАЛ тэмдэглэнэ. Хиймэл оюунаар үүсгэсэн зургийг бодит үйл явдлын гэрэл зураг болгон хэрэглэхийг бүрэн хориглоно.
- 9.6Интернэтээс болон уншигчаас авсан зургийг үнэн эсэх, өөрчлөгдөөгүй эсэх, хэрэглэх эрхтэй эсэхийг шалгасны дараа л нийтэлнэ. Уншигчийн илгээсэн зургийг зохих ёсоор нь нэрлэж, тэднийг эрсдэлд оруулахгүй байхыг сануулна.
10Тоо, өгөгдөл, графикийг харагдац сайжруулахын тулд гажуудуулахгүй
- 10.1Мэдээ, графикт ашиглах өгөгдлийг эх сурвалж, аргачлал, түүврийн хэмжээ, хэзээ цуглуулсныг нь шалгасны дараа хэрэглэнэ.
- 10.2График дээр таамаглал дэвшүүлэхгүй, дутуу тоог нөхөж бөглөхгүй. Зөвхөн мэдэж байгаа зүйлээ зурна.
- 10.3Тэнхлэг, масштабыг өгөгдлийг үнэн зөв харуулахаар байгуулна. Дүрслэл сайхан харагдуулахын тулд өгөгдлийг мушгихгүй.
- 10.4Хамаарал болон шалтгаан хоёрыг ялгана. Хамт өөрчлөгдсөн хоёр зүйлийг нэг нь нөгөөгөө үүсгэсэн мэт бичихгүй.
- 10.5Бага суурьнаас гарсан хувийн өөрчлөлтөөс болгоомжилно — шаардлагатай үед бодит тоог нь хамт өгнө.
- 10.6График, дүрслэл бүр дээр өгөгдлийн эх сурвалжийг бичнэ.
11Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийнэ
- 11.1Мэдээллийг шударга, үнэн зөв хүргэх чадварыг маань эргэлзээ дагуулах аливаа үйлдэл, харилцаанаас зайлсхийнэ. Эргэлзээтэй нөхцөл үүсэхээс өмнө редакцтайгаа зөвлөнө.
- 11.2Редакцийн ажилтан маргаантай нийгмийн асуудлаар олон нийтийн талбарт өөрийн байр сууриа зарлахаас татгалзана. Энэ нь хувийн үзэл бодолгүй байхыг шаардаж буй хэрэг биш — түүнийг ажлынхаа талбарт авчрахгүй байхыг шаардаж байгаа юм.
- 11.3Редакцийн ажилтан улс төрийн албанд нэр дэвшихгүй, улс төрийн томилолт хүлээж авахгүй, улс төрийн байгууллагад хандив өгөхгүй, улс төрчийн олон нийттэй харилцах ажлыг гүйцэтгэхгүй.
- 11.4Эх сурвалжаас бэлэг, урамшуулал, үнэгүй тасалбар, аялал хүлээж авахгүй. Малгай, аяга зэрэг нэрлэсэн үнэ бүхий өчүүхэн зүйлээс бусдыг эелдгээр буцаана, буцаах боломжгүй бол буяны байгууллагад өгнө.
- 11.5Сурвалжлагын аялалд өөрсдөө төлнө. Онцгой нөхцөлд өөр аргагүй бол зардлыг нь нөхөн төлж, мэдээнд тэмдэглэнэ.
- 11.6Эх сурвалжаас өөрт нь болон бусдад ажил, давуу байдал хүсэхгүй. Мөн ene.mn-д ажиллаж байгаагаа ашиглан эх сурвалжид давуу байдал санал болгохгүй.
- 11.7Ажлын явцад олж мэдсэн, олон нийтэд хараахан задраагүй мэдээллийг хувийн ашиг олох зорилгоор ашиглахгүй, бусдад дамжуулахгүй.
- 11.8Гадуур гүйцэтгэх ажил нь ene.mn-ийн ажилтай зөрчилдөхгүй, редакцийн нэрийг ашиглахгүй байх ёстой.
12Нийгмийн сүлжээнд ажиллахдаа мэдээллийн адил хатуу хэм хэмжээ баримтална
- 12.1Нийгмийн сүлжээнд нийтлэх агуулгад мэдээнд тавигддагтай ижил шаардлага тавигдана: баталгаажаагүй зүйлийг түгээхгүй, эх сурвалжийг нэрлэнэ, алдааг ил тод залруулна.
- 12.2Маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй. Хаалттай, зөвхөн танилууддаа харагддаг гэж үзсэн хэлэлцүүлэгт ч мөн адил.
- 12.3Бусдын үзэл бодолтой бичлэгийг дамжуулан түгээхдээ энэ нь бидний байр суурь биш, зөвхөн тайлагнаж буй хэрэг гэдгийг ойлгомжтой болгоно.
- 12.4Батлагдсан онц чухал мэдээг хувийн хаягаараа түрүүлж түгээхгүй — эхлээд редакцид өгнө.
- 12.5Хамт олныхоо аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй мэдээллийг нийтлэхгүй.
13Доромжлол, үзэн ядалт, хүчирхийллийн агуулгыг сувагжуулахгүй
- 13.1Үзэн ядалт өдөөсөн үг хэллэг, суртал ухуулгын хэрэгсэл болохоос татгалзана. Тийм үг хэллэг өөрөө мэдээний сэдэв болсон тохиолдолд түүнийг бүтнээр нь дамжуулахын оронд агуулгыг нь товч тайлбарлана.
- 13.2Хараалын үг, арьс өнгө болон үндэстэн ястныг гутаасан үгийг зөвхөн шууд эш татлагын хэсэг байх бөгөөд түүнгүйгээр мэдээг өгүүлэх боломжгүй үед л хэрэглэнэ. Тэр үед ч эхлээд тэр үгийг бичихгүйгээр утгыг нь дамжуулах арга хайна.
- 13.3Хүчирхийлэл, цус нөж бүхий зургийг мэдээллийн ач холбогдолтой үед л хэрэглэнэ. Уншигчид урьдчилан анхааруулна.
- 13.4Садар самуун, ялгаварлан гадуурхсан агуулгатай сайт руу холбоос тавихгүй.
- 13.5Уншигчийн сэтгэгдэлд доромжлол, гүтгэлэг, үзэн ядалт өдөөсөн бичвэрийг устгаж, шаардлагатай бол бичигчийг хязгаарлана. Устгасан сэтгэгдэл редакцийн бүртгэлд үлдэнэ — гомдол гарвал юу бичигдсэнийг тогтоох боломжтой байх ёстой.
14Бусдын бүтээлийг өөрийн болгохгүй
- 14.1Хулгайн бичвэр гаргахгүй. Бусдын хийсэн ажлыг өөрийн нэрээр гаргахыг ямар ч тохиолдолд зөвшөөрөхгүй.
- 14.2Өөр хэвлэл ноцтой хөдөлмөрөөр анх олж мэдээлсэн зүйлийг дамжуулах үед тэр хэвлэлийн нэрийг заавал дурдана.
- 14.3Мэдээллийн товхимол, хэвлэлийн мэдээг байгаагаар нь нийтлэхгүй. Агуулгыг нь шалгаж, өөр эх сурвалжаар баяжуулж, өөрсдөө бичнэ.
- 14.4Гэрэл зураг, дүрс бичлэг, графикийг зохиогчийн эрхийг нь хүндэтгэн ашиглана.
15ene.mn-ийн ажилтан бүр энэхүү ёс зүйн зарчмаа хүлээн зөвшөөрч, баримтлан ажиллана
- 15.1Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
- 15.2Мэргэжил нэгтнийхээ бүтээлээс иш татвал эх сурвалжийг ил тод, ойлгомжтой байдлаар дурдана.
- 15.3Энэ зарчмуудыг сахиулах нь редакцийн хүн нэг бүрийн үүрэг. Ажлын аль ч хэсэгт эргэлзээ гарвал түүнийг нухацтай авч үзнэ — «жижиг зүйл» гэж үл тоомсорлохгүй.
- 15.4Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хүндийн зэргээс хамаарч сахилгын арга хэмжээ авна.
Энэхүү зарчимтай холбоотой гомдол, санал байвал medee@ene.mn хаягаар ирүүлнэ үү. Заалтын дугаарыг дурдвал шалгахад хялбар байна.

