Архангай аймгийн Хашаат сумын нутагт энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ. Цагдаагийн байгууллагад уулын жалга руу автомашин унаж, гурван хүн нас барсан тухай дуудлага бүртгэгдсэн байна.

Шалгалтаар Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн ослын улмаас уулын жалга руу унасан нь тогтоогджээ. Ослын улмаас 16-18 насны гурван иргэн нас барсан байна.

Нас барсан иргэдийн хүйс, овог нэр, автомашиныг хэн жолоодож явсан талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Мөн тээврийн хэрэгсэл ямар нөхцөл байдлын улмаас жалга руу унасныг тогтоогоогүй байна.

Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.