Даян дэлхийн малчдын 17 дугаар бага хуралд 102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл оролцож байна. Чуулганд 240 орчим гадаадын зочин, Монголын 100 малчин оролцож, Блью скай зочид буудалд болж байна.
Оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Мөн нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.
Монгол Улс бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн мэдлэг, туршлага солилцох, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх замаар дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байгааг Ерөнхийлөгч хэлэв.
Мал аж ахуйн салбарт залуу үе, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах нь хамтын зорилт байх учиртайг мөн тэмдэглэв. Салбарыг мэдлэг, инновац, технологид суурилсан өрсөлдөх чадвартай чиглэл болгон хөгжүүлэх шаардлагатай гэжээ.







Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.