2026-2027 оны хичээлийн жилд гадаадын шилдэг сургуульд суралцахаар хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийв. Эдгээр суралцагчдын 40 нь бакалавр, 20 нь магистрын хөтөлбөрт тэнцсэн байна. Тэд сургалтын төлбөрийн санхүүжилт тодорхойгүй байгаагаас шалтгаалан элсэлтээ баталгаажуулж чадахгүй байна.
Суралцагчид болон тэдний ар гэрийнхэн хамтран Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлэхээр болжээ. Хэрэв асуудлыг шийдвэрлэхгүй бол Төрийн ордны гадна суулт зарлахаа мэдэгдсэн юм. Төлбөрийн асуудлаас үүдэн тэд хичээлдээ явж чадахгүйд хүрээд байна.
Сонгон шалгаруулалтын явцад алдаа гарсан талаар оюутнуудын төлөөлөл П.Эрдэмзаяа ярилаа. Өнгөрсөн оны долоодугаар сард Боловсролын зээлийн сангаас шалгуур хангаж тэнцсэн гэх хариу ирүүлсэн ч удалгүй алдаа гаргаснаа хүлээсэн байна. Энэ нь сонгон шалгаруулалт будлиантай явагдсаныг харуулж байна гэж тэрбээр үзэж байна.
Энэ жил мөн зээлийн хүсэлтээ илгээн хяналтын тоонд багтсан ч санхүүжилт нь шийдэгдээгүй хэвээр байна. Эцэг эхийн төлөөлөл хүүхдүүдийнх нь сурах ирээдүйг хулгайлахгүй байхыг холбогдох албаныхнаас шаардлаа.







Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.