Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад 33 улс, 24 хот, олон улсын 51 байгууллага, Монголын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна.

Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд олон улсын туршлага, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Хамтын ажиллагаа нь үерийн эрсдэлийн менежмент, хотын тэсвэрлэх чадвар, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээвэр, төслийн бэлтгэл болон институцын чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн үерийн асуудлыг шийдвэрлэх Туул-1 коллекторыг эрчимжүүлэх, хурдны зам барих төслүүдийг урагшлуулах боломж бүрджээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва олон улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж буйг мэдэгдэв.